Хуралдааны нээлтэд ОХУ-ын Тээврийн сайд И. Е. Левитин оролцож, товч үг хэлсэн нь гэнэтийн гэмээр тохиол боллоо. Сүүлийн 20 гаруй жилд хувь нийлүүлэгч тал болох ОХУ-ын Тээврийн сайд энэхүү хуралдаанд оролцож, үг хэлж байгаагүй нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Тэрээр, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өнөөгийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын төр засгаас 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгааг онцлон тэмдэглэж байв.
Хуралдаанаар Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2009 оны үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө, тайлан тэнцлийн үр дүн, 2010 оны үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөг батлах, мөн Нийгэмлэгийн 2009 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Ерөнхий хорооны Шалган байцаах комиссоос хийсэн шалгалтын дүнгийн тухай болон УБТЗ-ын өнөөгийн байдал зэрэг асуудлуудыг нухацтай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан аж. Ерөнхий хороо ажиллах хугацаа нь дууссантай холбогдуулан В. Отгондэмбэрэлийг Замын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр Д. Жигжиднямааг ажиллуулахаар шийдвэрлэжээ. Тэрээр Замын тээвэр хариуцсан орлогч дарга билээ.